Энэ сарын 28-ны өдрийн байдлаар 4 аймгийн 7 суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ.
Тодруулбал Булган аймаг Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Биндэр суманд ой, хээрийн гал түймэр гарч, 1.5 га ой, 15350 га хээр, нийт 15351.5 га талбай түймэрт өртөөд байгаа аж.
Ой, хээрийн гал түймэрт 2 гэр, 1 саравч өртөж, 40 толгой мал хорогджээ.
Тиймээс иргэн та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-аас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.