Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар"-ыг эхлүүлэхээр болжээ.
Энэхүү шийдвэрийн дагуу гадаадын хууль бусаар оршин суугч иргэд ирэх сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явах ёстой аж. Сайн дураараа Солонгос улсыг орхисон иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй юм байна.
Харин таван сарын хугацаа дууссаны дараа гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах юм. Энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр боон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох аж.
Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ визний нөхцөлөө хөнгөлснөөс хойш манай улсын 6 мянга гаруй иргэн тус улсад хууль бусаар оршин суух болсон байна.