Сүүлийн жилүүдэд Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа талаар Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Болд мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр энэхүү өсөлтийг сүүлийн хоёр жилд гарсан тоон баримтаас харж болохоор байна. Тодруулбал, Монгол улсын Эрүүгийн хууль заасан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 2014 онд 61 хэрэг 213 үйлдэлд 153 хүн, 2015 онд 79 хэрэг 201 үйлдэлд 169 хүн, 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 25 хэрэг 81 үйлдэлд 46 хүн холбогдон шалгагдаж байгаа аж.
25 хэргийн зургаа нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Уг хэрэгт холбогдсон 46 хүний найм нь эмэгтэй хүн байна. Мөн хэрэгт холбогдсон хүмүүсийн 40-50 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-35 насныхан байгаа юм байна.
2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12-оор буюу 92.3 хувиар өссөн байна. 2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт үйлдлийг урьд оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн бөгөөд холбогдогч нь 12 оор буюу 35.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл (2)