Өнгөрсөн сарын 25-ны өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Хандгайтын аманд чоно айлын хот руу дайрч, нохойг нь хазаад, улмаар хоёр иргэн, мөн мал руу дайрч хазаж гэмтээсэн хэрэг гарсан билээ.
Уг чоныг иргэн Ж.Батжаргал хүрзээр цохиж алсан бөгөөд Нийслэлийн мал эмнэлгийн газраас уг чононд шинжилгээ хийгээд, галзуу өвчтэй байсныг нь тогтоожээ.
Тухайн үед хэрэг болсон газар дээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Байгаль хамгаалагч, Улаанбаатар нэгтгэлийн анчид зэрэг шуурхай бүрэлдэхүүн ажилласан. Улмаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, гурван нохойг газар дээр нь устгаж, хазуулсан хоёр иргэн яаралтай вакцин тариулж, шуурхай арга хэмжээ авсан юм.