Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ
Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхи, шуургатай байна.
2016 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.