“Эрдэнэт үйлдвэр” ХХЗ-ийн захирал Ц.Даваасүрэнгийн дэмжлэгээр Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд буга нутагшуулахаар болсон байна.
Тус аймгийн ИТХ, Засаг дарга Халиун бугыг нутагшуулах “Сайханы буга” төслийг хэрэгжүүлэхээр болсон ч санхүүгийн байдлаас шалтгаалан түр зогссон байсан аж. Төслийг албан ёсоор өнгөрсөн хавар эхлүүлж Өмнөговь аймгийн унаган иргэн, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын захирал доктор Н.Банди, МУИС-ийн доктор, багш Суран нар Аймгийн ИТХ-ын хүсэлтээр суурь судалгааг хийж Гурвансайхан ууланд Халиун буга нутагших бүрэн боломжтой гэж тогтоосон байна. Иймд дээрх төслийн хүрээнд 10 гаруй бугыг тус ууланд нутагшуулахаар боллоо.
Дашрамд дуулгахад, Өмнөговь аймгийн Гурван сайхан уул нь нэн ховордсон олон зүйлийн ургамал, ан амьтнаар баялаг, чулуулгийн өвөрмөц тогтоц бүхий газар. Одоогоос найман жилийн өмнө буюу 2008 онд Гурвансайхан ууланд нэгэн Согоо ирж нутагшсан байна. Мөн тус уулнаас 2016 оны 3 дугаар сарын 28-нд малын эрэлд явсан Баяндалай сумын Төхөм багийн малчин О.Буяндэлгэр, Э.Төмөр, Э.Пүрэвдорж нар Гурван сайхан уулын Рашаан шармаань гэдэг газраас бугын унасан эвэр олсон байдаг.