Сонгуулийг 100 хувь мажоритар тогтолцоогоор зохион байгуулахыг АН болон МАН-ынхан сэмхэн ярилцаад шийдчихсэн гэх мэдээлэл байна. Ингэх нь АН, МАН-ын аль, алиных нь эрх, ашигт нийцэж байгаа аж. Тэд 28 суудлыг нийслэл болон орон нутагтаа эв найртайгаар хуваан аваад, жижиг 76 тойргоор сонгуулиа хийе хэмээн тохирсон байна. УИХ-ын 76 гишүүний 28-ыг намын жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор сонгохоор энэхүү хуульд заасан нь Үндсэн хуульд заасан сонгогчид төлөөллөө шууд сонгоно гэснийг зөрчсөн тухай гомдлыг иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар Цэцэд гаргасан байна. Сонгуулийн хуулийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн (пропорциональ), 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг, 21 дүгээр зүйлийн 2, 3, 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус зөрчсөн, эсэхийг тогтоолгохыг тэд хүссэн юм байна. Уг гомдлыг Цэц энэ сарын 22-нд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр товложээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус хуралдаанд гишүүн Д.Лүндээжанцан оролцох аж. Гэхдээ жагсаалтаар гишүүн сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргах болов уу гэдэг нь ирэх өдрүүдэд олны анхаарлыг татсан сэдэв болох нь.