Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутгаас өнгөрсөн долоо хоногт занданшуулсан шарил олджээ. Тус шарилыг нутгийн нэгэн залуу Буянт сумын Хөх эргийн Улаан зуух гэх газарт эмийн ургамал түүж яваад шарилыг анх олжээ.
Аймгийн цагдаа, прокурорын газрынхан үзлэг хийхэд лам хүний шарил байсан бөгөөд 100 гаруй жилийн өмнө занданшуулсан гэж таамаглаж байгаа аж. Занданшуулсан шарил хадан дотор суугаа байдалтай, урианхай хөдсөн дээлтэй, эвэртэй хөх хонь дэрлүүлсэн, өвөр дээр нь XVIII зууны үеийн судар тавьсан байдалтай байжээ.
Одоогоор энэ занданшуулсан шарилыг тус аймгийн Соёл урлагийн газарт хандаж, хүлээлгэж өгөхөөр болж байгаа бөгөөд нутгийн иргэд энэ олдворыг түүх, соёлын үнэт дурсгал хэмээн онцлон хүндэтгэж байгаа гэв.
Сэтгэгдэл (2)