“Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Одоогоор манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар олимпийн эрх хүртээд буй. Тэгвэл энэ тэмцээнд олимпийн эрхийн төлөө гурван тамирчин өрсөлдөнө.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ жилийн улсын аварга, олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа нар оролцохоор болжээ. Тэмцээнд дэлхийн таван тивийн 81 орны баг оролцох бөгөөд энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ. Гурван өдрийн турш үргэлжлэх уг тэмцээнийг үзэж, Монголынхоо тамирчдаа дэмжихийг хүсвэл энэ амралтын өдрүүдээр “Буянт-Ухаа” спорт цогцолборыг зориорой.