Буйр нуурт загас агнаж явсан 25-32 насны дөрвөн иргэн нууранд осолдож амиа алджээ.
Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65км-т орших Буйр нуурт тус сумын харьяат гурван иргэн Баянтүмэн сумын нэг иргэн загасчлахаар яваад эргэж ирээгүй байна.
Загасчлахаар явсан иргэд Буйр нуурын эрэг орчимоор завиар очин загас агнаж байх үед хүчтэй салхи хөдөлж мөсний хөдөлгөөн ихэссэнээс осолдсон байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв. Одоогоор тус аймгийн ОБГ-ын ажилтнууд нуурын орчим эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэгнийх нь цогцсыг олжээ.
Нуурын мөс гүйцэд хайлаагүйгээс гадна ус хүйтэн, харанхуй, хүчтэй салхитай, мөсний хөдөлгөөн их байгаа зэрэг нь эрж хайх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар аймгийн ОБГ-аас мэдээлжээ. Буйр нуурын мөс бүрэн хайлж амжаагүй, зах хэсгээрээ 100-200 метр газар л гэсч эхэлжээ. Тиймээс иргэдийг тус нуурын орчимд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.