“Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ба төгсөгчдийн эрдмийн баяр”-ын талаар Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал нийслэлийн ЕБС-ийн төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ыг нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш эцэг эх хамт олон найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор цэцэрлэгийн төгсөлтийн баяр нэгдүгээр ангийн үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг, 9, 12-р ангийн сурагчдын "Эрдмийн баяр"-ыг тайлант өдөрлөг "Боловсролын баримт бичиг гардуулах ёслол"-ын арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсон гэдгийг тус хурлаар мэдээлсэн юм.
Мөн нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй, эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй байх чиглэлийг баримтлаж ажиллах үүрэг чиглэлийг хүргүүлжээ. Харин дээрх үүргийг зөрчиж, эрдмийн баярын арга хэмжээг зохион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураамж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцохыг мэдэгдсэн НБГ-ын даргын тушаал гарсан байна.
Түүнчлэн мэдээллийн үеэр 2016-2017 оны хичээлийн жил нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийн талаарх мэдээллийг өгсөн юм. Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэхээр болсон байна. Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 5 настай хүүхдүүдийг бүртгэхгүй аж.