Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр шатаж амиа алдсан хүний цогцос олджээ. Дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Хэргийн газар цогцосыг хэзээ авчирч шатаасан болохыг тогтоох ажиллагаа явуулахад өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр уг цогцос зураг дээрх газарт зүүн гар нь байхгүй, шатсан байдалтай байсныг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Шувуун фабрик”-д оршин суух... хаягтай иргэн Д нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цогцос нь 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 167-175 см өндөртэй байжээ.
Тиймээс хохирогчийг хэн болохыг тогтоохоор Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа тул өнгөрсөн сарын 28-ны өдрөөс өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон хүмүүсийн талаархи мэдээллийг 99067534, 99054200 дугаарын утсаар мэдэгдэх буюу Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газарт биеэр ирж мэдэгдэхийг хүсч байна. Хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авна, нууцлалыг хадгалах юм байна.