Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид банкны төлбөрийн хуурамч карт ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авч бусдад их хэмжээний хохирол учруулсан мөн хакерын программ ашиглан бусдын мэдээлэлд халдсан хэргүүдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
Хэргийг шалгахад, 1997 онд төрсөн иргэн Т компьютерын сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий хакерын программыг ашиглан вэб сайтууд болон бусад мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч нийт 24783 иргэн, алба хаагч, аж, ахуй нэгжийн мэдээллийг хуулбарлан авсан нь илэрчээ. Т гэгч нь компьютерын мэдээллийн санд байгаа мэдээллийг хуулбарлан авах хортой 12 программыг бэлтгэсэн байсныг шалгалтын явцад илрүүлэн мөрдөн шалгаж эхлээд байгааг ЦЕГ-ын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Иргэд болон албан байгууллагууд кибер аюулгүй байдлыг хангаж хортой программ болон тодорхойгүй хаягнаас ирүүлсэн мэйл, пост руу нэвтэрч орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Харин банкны төлбөрийн хуурамч карт ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авч, их хэмжээний хохирол учруулсан хэргийн хувьд 1985 онд төрсөн Х гэгч нь үйлдснийг илрүүлжээ. Иргэн Х нь гадны иргэдийн виза картыг ашиглан хууль бусаар гүйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулсан байна. Тэрбээр картад бэлдэц буюу картанд электрон мэдээлэл суурилуулах зориулалт бүхий тоног, төхөөржийг ашигласан байж болзошгүй аж. Тус тоног төхөөрөмжүүдийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Т.Энхэлээ