Гамшгийн хэмжээнд хүрээд буй энэхүү өвчинтэй тэмцэж, эмчилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авах хандивын аяныг иргэд, олон нийт хэдийнэ эхлүүлсэн. Тэгвэл зарим иргэний сайн үйлсийн аян хил гаалийн ажилчдын хүнд суртлын улмаас хүрэх газраа хүрч чадахгүй гацсан.
Тодруулбал, одоогоос 14 хоногийн өмнө Ж.Эрхэмбаяр гэх иргэний санаачлагыг дэмжиж, Австри улсад ажиллаж амьдардаг монголчууд улаанбурханы өвчлөлийн үед хэрэглэдэг утлагын 12 ширхэг аппарат илгээсэн ч Буянт-Ухаа дахь гаалийн ажилчид нь элдэв бичиг барит нэхэж, улмаар 10 гаруй хоног аппаратуудыг хил дээр байлгаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр орой хандиваар ирсэн аппаратуудыг гаалиас гарган авч, зургаан аймгийн нэгдсэн эмнэлэг болон ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.