Өвөрхангай аймгийн Богд сумаас урагших шороон зам дээр уржигдар улсын дугааргүй “Даяан” маркийн мотоцикльтой хүн онхолдож, нас баржээ. Талийгаач 24 настай Э байсан аж. Мөн энэ өдөр Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Blue sky” зочид буудлын хойд замд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Daewoo BS406” маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 52 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн байна. Тус дүүргийн нутагт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун уулзварт "Тоёота Приус” маркийн автомашины жолооч Б нь хоёр машинтай мөргөлдсөний улмаас гурван настай охин, нэг настай хүү болон өөр нэг хүнийг гэмтээжээ.
Дашрамд дурдахад, эл өдөр Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 319 дууддага, мэдээлэл ирсний 243 нь зам тээврийн ослынх байв. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 хүнийг журамласан байна.