Малайзын Пенанг хотод энэ сарын 11-12-ны хооронд олон улсын ой тогтоолтын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаар товлогджээ. Энэхүү тэмцээнд зургаан орны 98 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх юм байна.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин /дунд насны ангилалд ес, бага насны ангилалд дөрвөн тамирчин/ дасгалжуулагчийн хамт оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Энэ удаагийн тэмцээнд оролцох манай тамирчдын 11 нь хэдхэн сарын хугацаанд бэлтгэгдэж сурах арга барилыг эзэмшин анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаагаараа онцлог юм. Мөн анх удаа орон нутгийн салбарыг төлөөлөн Дархан-Уул аймгийн салбараас 10 настай О.Ганжигүүр өрсөлдөх юм байна. Олон улсын тэмцээнд Б.Баасандорж багш, дасгалжуулагчийн удирдлага дор Их Мастер Б.Шижир-Эрдэнэ, М.Төгөлдөр, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Л.Хулан, Ц.Хулан, З.Зулцэцэг, М.Ганчимэг, Б.Ариунзаяа, О.Ганжигүүр, Б.Бат-Эрдэнэ, Б.Хангал, С.Чинбаатар нар оролцох юм байна.
Дашрамд дуулгахад, манай тамирчид өнөөг хүртэл оюуны спортын олон улсын 36 тэмцээнд оролцон 484 медаль хүртэж, дэлхийн олон дээд амжилтыг тогтоож, Монгол хүний потенциалыг дэлхийд харуулсаар байгаа билээ.