"Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо" –ны Анхдугаар Их Хурал Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг зохион байгуулсан баг, иргэдийн төлөөлөл нь тус холбооны удирдах зөвлөлийн 20-н гишүүнийг ардчилсан зарчмаар сонгон батлав. Холбооны хүндэт ерөнхийлөгчөөр Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, тэргүүнээр "Халуун Сэтгэл in Japan" ТББ-ын тэргүүн А.Долгион сонгогдон томилогджээ. УЗ-ын гишүүдээр Токио хотоос гадна Хоккайдо, Нийгата, Кансай зэрэг бүс нутгийн төлөөллүүд сонгогдон ажиллахаар болов.
Тус холбооны зорилго нь Япон Улсад сурч ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, Японы нийгэмд дасан зохицоход шаардлагатай бүх талын мэдээллээр хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, өөрийн улсыг Японд өргөн хүрээтэй зөв зохистойгоор сурталчлан таниулах, хоёр улсын аж ахуй нэгж, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.
Япон улсад сүүлийн жилүүдэд Монгол иргэдийн тоо нэмэгдэж буйтай уялдан иргэдийн тодорхой давхаргын эрх ашгийг хамгаалдаг олон нийтийн сайн дурын байгууллагууд үйл ажиллагаа явуулж буй боловч нийт Монгол иргэдийн нэгдсэн эрх ашгийг хамгаалсан, иргэдэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлдэг, нийгэмлэг холбоодыг нэгдсэн удирдлагаар хангадаг ерөнхий нийгэмлэг холбоо байгуулагдаагүй байсан нь уг холбоог байгуулах үндэс болжээ.
Сэтгэгдэл (1)