Улаанбаатар хотын 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох төслийн хүрээнд Налайх, Багануур, Жаргалант, Партизаныг дагуул хот болгон хөгжүүлэхээр болжээ. Уг төлөвлөгөөнд байгаа газруудын дэд бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахад төмөр зам тавих, шинэчлэх, хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа аж.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч Ушаков Александр Вениаминович тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хот, дүүргийн зорчигч тээвэрт ашиглагдаж байгаа төмөр замыг шинэчлэх ажилд хамтран ажиллах санал тавьлаа.
Мөн Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх онгоцны буудал хүртэл төмөр замын маршрут гаргаж, төмөр зам дагуу хөгжлийн коридор үүсгэх төслийг дэмжин хамтран ажиллахыг хүсэв. Харин Улаанбаатар төмөр замын зүгээс энэ асуудлыг дэмжин ажиллах боломжтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид талууд хамтарсан төслийн нэгж байгуулан ажлаа эхлүүлэхээр харилцан тохиролцлоо.