1977 онд Москва хотод болсон Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурлаар жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарснаар уг өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн уламжлалтай.
Манай улс Олон улсын музейн өдрийг 1998 онд анх тэмдэглэсэн бөгөөд 2003 онд Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо байгуулагдсанаар тасралтгүй 14 жил тэмдэглэж байна.
Энэ өдрүүдэд дэлхийн музейнүүд тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жил тус өдрийг нийгмийн хөгжлийн тусын тулд дэлхийн бүх хүмүүсийг эвтэй найртай оршиход уриалах зорилгоор “Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй ярилцъя” сэдвийн дор зохион байгуулна.
Энэ жилийн Монгол Улс дахь Олон улсын музейн өдрийг тэмдэглэх үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Олон улсын музейн зөвлөлийн Үндэсний хороо, Монголын Үндэсний музей ажиллаж байна.
Олон улсын музейн өдрөөр “Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй ярилцъя” сэдвийн хүрээнд түүх, соёлын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулах аж.