Ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцохоор гадаадын улс орнуудад амьдарч буй 7300 гаруй монголчууд бүртгүүлжээ.
Тодруулбал, гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан билээ. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг Төв комисст ирүүлээд байгаа юм.
Салбар комисст нийт 7374 иргэн бүртгэгджээ.Хамгийн олон буюу 1629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгэгдсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд гадаад улсад байгаа нийт 6233 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж байсан байна.
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-11-ний өдөр авахаар Улсын Их Хурал тогтоосон юм.