Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг өчигдөр зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон талаар өнөөдөр цэцдийн зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байдаг. Гэвч энэхүү цэцдийн зөвлөлийн хурлыг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хууль бус гэж үзэж 2016 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Гэвч түүний гомдлыг тус дүүргийн прокурорын газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ.
Иймд “Их эе” хурал шүүхийн шийдвэрийг дагуу явагдаж тэргүүнээ сонгосон гэдгийг МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар хэллээ.
МҮБХ-ын дүрмэнд “Их эе” хуралд 200 хүртэлх төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болсон гэж үздэг аж. Хурлын ирц 85 хувьтай буюу 170 төлөөлөгч оролцсон тул хуулийн хүрээнд явагдсан байна.
“Их эе” хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн аж. Тухайбал МҮБХ-ны ерөнхийлөгчид Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн бөхийн холбооны дарга М.Хүдэрбаатар, “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат нарын дөрвөн хүн нэр дэвшсэн байна. Харин бусад гишүүд нэрээ татаж авч, 99.9 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон байна.
Тиймээс МҮБХ-ны хуучин тэргүүн Р.Нямдоржид өнөөдөр албан бичиг хүргүүлэхээр болжээ. МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар “Р.Нямдорж 26 жил бөхийн өргөөг удирдлаа. Одоо биднийг сүү хадаг бариад угтах байх гэж найдаж байна” хэмээв.
Сэтгэгдэл (1)