Мазаалайн нэрээр нэрлэгдсэн Монголын анхны хиймэл дагуулыг өнөөдөр тойрог замд оруулах гэж байна. Уг хиймэл дагуулыг энэ сарын 2-нд тойрог замд оруулахаар төлөвлөж байсан ч ширүүн бороо орсны улмаас төлөвлөгөө хойшлогдсон юм.
Хиймэл дагуулыг ЮНЕСКО болон Японы ивээл дор хэрэгжүүлж буй “Joint Global Multi-Nation Birds” төслийн хүрээнд АНУ-ын Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс "SpaceX Falcon 9" зөөгч пуужингаар тойрог замд оруулах юм.
“Joint Global Multi-Nation Birds” бол анхны хиймэл дагуулаа бүтээж, тойрог замд оруулахад нь сансарт гарцгүй улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий олон улсын төсөл аж. Хоёр жил үргэлжлэх энэ төсөлд Монголоос гадна Япон, Гана, Нигери болон Бангладеш улс хамрагдаж байна.
Эх дэлхийгээс 400 км зайтай орших хиймэл дагуултайгаа Монгол Улс өдөр 5-6 удаа холбогдож, мэдээлэл авах боломжтой. Төслийн багийн гишүүдийн мэдэгдсэнээр, Монголын хоёр дахь хиймэл дагуулыг 2019 онд тойрог замд оруулах ажээ.