Хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа аж. Тиймээс ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллага зөвлөж байна.
Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь, хөхний дор, чихний ард, үсэн дотор байрлаж хаздаг байна. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй. Иймээс ой мод, өвс ихтэй бүс нутгаар ажиллаж, аялж байгаа тохиолдолд 3-4 цаг тутам өөрийн болон хүүхдийнхээ биед хачиг байгаа эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.
Хачигт хазуулсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ. Хэрэв доорх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай юм.
Өндөр халуурах
Толгой өвдөх
Огиулж, бөөлжих
Хүзүү, нуруу өвдөх
Мөчдийн булчин өвдөх
Нүд үрэвсэх
Ухаан алдах
Гар, хөл саажих