Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд шинжилгээ хийхэд E-coli буюу гэдэсний эмгэг төрөгч нян илэрчээ. Лабораторийн нян судлалын шинжилгээний дүнгээр Хатгал тосгоны хүн амын ундны ус авдаг таван цэгээс Ноосны үйлдвэр, Нефть баазын орчмоос авсан Хөвсгөл нуурын усны хоёр дээжинд E-coli нян илэрсэн байна.
Энэхүү E-coli нян нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян бөгөөд усаар дамжин хүний гэдсэнд орж гүйлгэх, шингэн алдах суулгах зэргээр илэрдэг аж. Тус нян нь хүний өтгөнд байдаг бөгөөд цас мөс хайлахад шар усны үерээр дамжин нуурт орсон байх боломжтой учраас ундны ус авдаг газруудыг хамгаалалтад авах шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас Хатгал тосгоны захирагчид хүргүүлжээ.