Зам тээврийн ослын 15-25 хувьд нь техникийн байдал нөлөөлдөг гэж дэлхий нийтээр үздэг. Манай улсын хувьд 2017 оны эхний 5 сарын байдлаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас нийт 18 осол бүртгэгдсэний 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Баяр ёслолын өдрүүдэд болон дулааны улиралд хөдөө, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгддэг. Ялангуяа харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг.
Өөрөөр хэлбэл шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэсэн тооцоо бий. Чухам энэ зайнаас эхлэн өөдөөс ирж байгаа жолооч холын гэрлийг ойрынход шилжүүлэхийг танаас хүсч эхэлдэг гэсэн үг юм.
Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлд "...Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ." гэж заасан байдаг.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед холын гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцоорой.