Үргэлжлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтож байна.
Тухайлбал, өдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн нутаг “Emart” худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн Ерөнхий газар хүртэл, 100 айлаас зүүн тийш “Сэлэнгэ” зочид буудал, 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол хүртэл, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс болон Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтжээ. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах нүхэн гарцнаас Дунд голын уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ. Иймд, ЗЦА-наас эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна.