Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой арга, тактикийг төлөвлөн хэрэгжүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн ИргэдийнТөлөөлөгчдийнТэргүүлэгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлуулсан.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийх, мэдээлэл нэгтгэн боловсруулах, удирдлага зохион байгуулалтаар хангах "Удирдлагын төв”-ийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Нийслэлийн цагдаагийн газарт байгуулан үйл ажиллагааг эхлүүлж байна.
“Удирдлагын төв”-ийг байгуулснаар:
- Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг “Гэмт хэргийн цахим зураглал”-аар гарган дүн шинжилгээ хийж, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг хяналтад авч, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж, камержуулна.
- Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг Олон улсын жишигт хүргэснээр, иргэдээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа сайжирна.
- Телекамерын хяналтын удирдлагын төвтэй болж, телехяналтын камерын хэвийн үйл ажиллагаа хангагдана.
- Нутгийн захиргааны байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэж, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд шуурхай очих нөхцөл бүрдэнэ.
- Эргүүлийн алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар сайжирч, албаны шуурхай байдал хангагдан ажлын бүтээмж дээшилж, цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар дээшилнэ.
- Гэмт хэрэг, зөрчлийн гаралт, үйлдэгдэж буй газар, үйлдлийн арга, цаг хугацааг тодорхойлон дүн шинжилгээ хийж, нөхцөл байдалд тохируулан хүн хүчээ зөв хуваарилан удирдан зохион байгуулснаар гэмт хэрэг, захиргааны зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч иргэдийн амар тайван байдлыг хангах ач холбогдолтой.