Саяхан Архангай аймагт хүчтэй салхи дэгдсэний улмаас хэд хэдэн айлын гэр нуржээ.
Энэ талаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатараас тодруулахад "Манай аймгийн Хашаат, Батцэнгэл, Өлзийт гурван сумыг дамнасан хүчтэй салхи дэгдсэн. Энэ салхины улмаас зусландаа гараад байсан дөрвөн малчин айлын илүү жижиг гэр нурсан. Мөн нэг айлын том гэр нурсан байгаа. Нэг айлын амьдардаг гэр салхинд нурсан учраас гэр доторх эд хөрөнгө нэлээд эвдэрч сүйдсэн гэж хэлж болно. Хүн гэмтээгүй. Борооны өмнө боссон л салхи.
Үдээс хойш салхи дэгдэж эхэлсэн бөгөөд гурван сумын нутаг дайраад намжсан. Ер нь Хашаат суманд иймэрхүү салхи үе үе гарах тохиолдол бий. Газар зүйн хувьд тал нутаг учраас салхи их үүсдэг. Өмнө нь үүнээс ч хүчтэй салхи дэгдэж байсан удаатай. Энэ удаагийн салхи ердийн гарч байдаг салхи. Гэхдээ манай Онцгой байдлын газраас болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс малчдад цаг агаарын мэдээг зарлан мэдээлж байдаг" гэв.
Сэтгэгдэл (1)