Пакистаны зүүн нутагт бензин зөөвөрлөж явсан машин хурдтай давхиж байгаад хөмөрчээ. Ачиж яван бензин асгарах үед нутгийн иргэд саванд хийж авахаар олуулаа хошуурцгаасан байна.
Энэ үеэр зарим нь тамхи татаж байсан тул гал гарах шалтгаан болжээ. Олон машин шатаж, 140 хүн амиа алдсаны дотор амьдаараа шатсан хүн олон байна.
Уг хэрэг Пенжаб мужийн Бахавалпур хотын шатахуун түгээх станцад гарчээ. Гал маш богино хугацаанд өргөн талбайг хамарсан аж. Энэ үеэр зургаан суудлын машин, 75 мотоцикл, дөрвөн ачааны машин галд шатсан байна. Пакистанд авто машинууд нь техникийн аюулгүй байдлыг хангадаггүй, жолооч нар замын хөдөлгөөний дүрэм байнга зөрчдгөөс авто замын осол байнга гардаг байна.