Өчигдөр буюу билгийн тооллын 3 буюу Балжиннямтай өдөр 17 хос Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ баталгаажуулж, гал голомтоо бадраажээ. Өглөөний 06.30 цагаас эхэлсэн хуримын ёслолд оролцогсдын дийлэнх нь 24-29 насны залуу хосууд байсан байна.
Гэрлэх ёслолын ордонд нэг хос хуримлахад ажлын өдөр 759 мянга, амралтын өдөр 803 мянган төгрөгийн үнэтэй зохион байгуулдаг. Энэхүү зардалд үйлчилгээний хөлснөөс гадна бэлэг дурсгал, хуримын ёслолын зураг, бичлэг, ерөөлч, хуурчийн төлбөр, зочдод үйлчлэх сүү цагаан идээ, машины чимэглэл, гэр бүлийн язгуурын талаарх ном зэрэг зүйлс багтдаг.
Энэ сард тус ордонд 100 гаруй хос гэрлэлтээ батлуулахаар бүртгүүлжээ.