Авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэргийг ирэх сарын 6-нд шүүхээр болжээ. Тус хэргийг өмнө нь хоёр ч удаа хэлэлцэхээр товлож байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нь шүүх хуралд оролцох боломжгүйн улмаас хойшлогдсон юм. Шүүх хуралд Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн нараас гадна ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нетворк” компанийн захирал Э.Гантулга нарыг шүүж байгаа юм.
Нийслэлийн прокурорын газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу онц их хэмжээний хээл хахууль асван хэрэгт буруутган, эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хорих ял төлөвлөсөн бол ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авсан хэрэгт буруутгаж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэлх хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих, Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарт хахууль өгсөн гэх “Метро нетворк” компанийн захирал Э.Гантулга, О.Даваасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган, албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр санал болгосон байна.