"Говь" ХК-ийн захирал Ц.Баатарсайхан нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлжээ.
Энэ үеэр Говь ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгойгийнхон маань цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсэг гал түймэрт авталгүй хохирол багатай өнгөрсөн. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна.
Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархалаа илэрхийлж, "Говь" ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай газрын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” хэмээсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр хариу талархалаа илэрхийлээд “Монгол Улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна. Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэгслийг нэмэгдүүлэхэд нэмэр тустай байх болно. Танай хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.