Улсын баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ. Тодрулбал монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ 10 цэгт уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэхээр төлөвлөсөн байна. Уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирж бүртгүүлэх аж.
Энэ жил уралдаанч хүүхдийг дан ганц төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрээр бус хурууны хээгээр цахим бүртгэлд хамруулахаар болсон байна. Улсын хэмжээнд долоогоос дээш насны 7000 гаруй уралдаанч хүүхэд морь унадаг гэсэн судалгаа байдаг. Ингэж цахим бүртгэлд хамруулснаар тэдний амжилт, бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.