Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран эцэг эх, хүүхэд багачуудад зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нөхцөл, зам тээврийн ослын хор уршиг, түүнээс үүдэн гарах хор хохирол, гэмтэл бэртлийн талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөн аюулгүй, зөв оролцох талаар бодит “Үзүүлэн сургалт”-ыг өчигдөр зохион байгуулсан.
Сургалтад Зам, тээврийн хөгжлийн яамны гадна байрлах авто зогсоолыг тусгайлан бэлтгэн тохижуулж, ерөнхий боловсролын сургуулийн 5, 6 дугаар ангийн нийт 200 орчим хүүхэд оролцсон бөгөөд Монгол улсын гавъяат тамирчин, Монголын Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр, СТА жүжигчин Э.Цолмонбаяр нар хамтран хөтлөн явуулжээ.
Түүнчлэн өнөөдөр тус сургалтыг нэгдүгээр сургуулийн урд замд 14:0 цагаас зохион явуулахаар болжээ. Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулах нь чухал учраас эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийг хүүхэд багачуудынхаа хамт хүрэлцэн ирж, сургалтанд хамрагдахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байгаа юм.
Б.Лхам