
Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Байгаль орчны газар, “Ногоон Ази Сүлжээ” ТББ-тай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтаар төв суурин газруудад ойн зурвас, жимс, жимсгэнийн мод, бут тариалах, агро-ойжуулалт хөгжүүлэх чиглэлээр ойрын жилүүдэд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд иргэдийг чадавхижуулахаар эрдэмтэн доктор, судлаач, агрономич нар хичээл заалаа.
Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, гоёл чимэглэлийн мод, сөөгний төрөл зүйл ба сонголт, үрслэг тариалах, жимс, жимсгэнэ тарьж ургуулах технологи зэрэг хэрэгцээтэй сонирхолтой сэдвүүд сургалтын агуулгад багтсан байна.
Улаанбаатар хот болон суурин газруудын ногоон байгууламжийн цэцэрлэгжилтэнд гол төлөв таван төрлийн мод, 15 төрлийн сөөг ургамал ашиглагддаг гэнэ. Мөн гэр хорооллын гудамж, хашаанд гоёл чимэглэлийн мод болон жимсний мод, сөөг тарьж ургуулан орчноо тохижуулах нь агаарын бохирдлыг бууруулах, тоос шороог багасгахаас гадна өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой талаар мэдээлэл өглөө.