
Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн/Koddi/-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийг дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайлан тавих хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Хөвсгөл нуур зочид буудал болох юм.
Хаалтын үйл ажиллагаанд ХНХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэг, СЗСҮТ-ийн дарга Х.Энх-Оргил, холбогдох удирдлагууд болон Koddi-ийн төлөөлөгчид мөн Сонгино хайрхан, Баянзүрх, Багануур, Бага хангай дүүргийн болон Дундговь аймгийн дээрх сургалтад хамрагдсан мэргэжилтэн, эмч, багш, нийгмийн ажилтан зэрэг 50 гаруй хүн оролцоно.
Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн хоцрогдол, аутизм, тархины сааг аль болох эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдахгүй авах, эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийн хэвийн өсөлт хөгжлийн талаар ойлголт мэдлэг олгох, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг аль болох эрт илрүүлэхэд гол үүрэг, оролцоотой байдаг эмч, багш, мэргэжилтнүүдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, оролцуулах, ойлголт мэдлэгийг сайжруулах, илрүүлгийн энгийн аргийг ашиглаж сургахад ач холбогдолтой юм.
“Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт арга хэмжээ авснаар хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэл хувиар буруулж чаддаг. Иймээс хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн талаарх ойлголт зөвхөн эмнэлгийн мэргэжилтнүүдэд бус эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилчдад хүргэхийг зорин ажиллалаа” хэмээн төслийг зохион байгуулагчид онцоллоо.
Р.Хишигжаргал