Зам барилгын ажлын хүрээнд Яармагийн зам, Богд уулын арын зам болон Чингисийн өргөн чөлөөний авто замуудын хөдөлгөөнийг хэсэгчилэн хааж, авто замын суурь, дунд ба өнгө үеийн хучилтын ажлууд хийгдэж байна.
Мөн Богд уулын арын замаас Яармагийн замтай шууд холбох “D” рамп гүүрийн үлдсэн зургаан алгасалын дам нурууны угсралтын ажлын хүрээнд есдүгээр сарын 20-оос эхлэн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн Жаазан гүүрийн бетон цутгалтын ажил хийгдэж, арчилгааны ажил явагдаж байна.
Чингисийн өргөн чөлөөг Ажилчны гудамжтай холбох U сувгийн баруун хэсгийн хоёр талын авто зам болох AR ба AL чиглэлийн авто замын далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байна. Мөн AR ба ML чиглэлийн авто замыг тусгаарлах түшиц хана байгуулах ажил явагдаж байгаа юм.
Түүнчлэн хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд дам нуруу хоорондын завсрын бетон ба хучилтын хавтан цутгах, явган зам болон хучилтын хавтан зэрэг бетон эдлэл үйлдвэрлэх ажил хийгдэж байна.
Б.Лхам