Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өгөв.
2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, өвлийн хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцийг бүрдүүлэх, явган хүний зам дагуу орсон цасыг нэн даруй арилгаж болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг аравдугаар сарын 10-ны өдөр гэхэд бүрэн дуусгаж 15-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөхийг үүрэг болгожээ.
Түүнчлэн иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй оношлох, эмчлэх, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж ажиллах. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах, Нийслэлийн 379 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн байна.
Мөн үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва “Илрүүл, эмчил, сэргийл бид өрх бүрт хүрч ажиллана” зорилтот төслийн тайлан мэдээг танилцуулав.
Б.Лхам