Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 133 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 117 дугаар цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Л.Оргил, Японы элчин сайдын яамны эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мияшита Хиромичи нарын тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцжээ.
Тус уулзалтаар “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын үр дүн, ач холбогдлын талаар санал бодлоо солилцон, төслийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх, хамтарч ажиллах талаар болон сургууль, цэцэрлэгүүдийн барилгын их засварын ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр хэлэлцэн тохиролцсон байна. Юун түрүүнд, 2018-2019 оны хичээлийн жилд 92 дугаар цэцэрлэгийн барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.
117 дугаар цэцэрлэг нь нийслэлийн хэмжээнд томоохон цэцэрлэгийн тоонд багтдаг бөгөөд цэцэрлэгийн үндсэн барилга нь 1987 онд ашиглалтад ороод 31 жил болж байгаа аж.
Б.Лхам