“Шинэ санаа-шилдэг шийдэл” уралдааныг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд нээлттэй зохион байгуулна.
Химийн бодисын хуванцар сав, торх, канистерыг хүнсний бус ахуйн зориулалтаар ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг дэмжих, хүнсний зориулалтын бус хуванцар савыг ашиглаж хийсэн бүтээлийг шалгаруулах, үр дүнг олон нийтэд сурталчлан таниулахад энэхүү уралдааны зорилго оршино.
Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах, зориулалтын бус савны хор холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулж, хүнсний зориулалтын бус савыг ахуйн зориулалтаар ашиглах шинэ санаа, санаачилгыг дэмжих, шилдэг шийдлийг тодорхойлох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдол нь оршиж байна.
Уралдааны тэргүүн байрт сайдын батламж, 3 сая төгрөг, дэд байрт өргөмжлөл, 1 сая төгрөг, тусгай байрт өргөмжлөл, 500 мянган төгрөг тус тус гардуулна.
Уралдаанд тэргүүн, дэд, тусгай байранд шалгарсан бүтээл, тэдгээрийн эздийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн зорилтот нэвтрүүлэгт оролцуулж, олон нийтэд сурталчилна. Шагналыг хүнс, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гардуулна.
Уралдаанд оролцох бүтээлд тавигдах ерөнхий шаардлагад хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх, практик ач холбогдолтой байх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх, оюуны өмчийн эрхийн зөрчилгүй байх, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх зэрэг багтаж байна.
Бүтээлийн танилцуулгыг хүлээж авах, үнэлэх, шалгаруулах:
Уралдаанд оролцох бүтээлийн талаарх танилцуулгыг дараах хэлбэрээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор batbaatar@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ. Үүнд, 1 мин хүртэл видео, 3 ш хүртэл зураг, 2 хуудас хүртэл текст хавсаргах аж.
Уралдааны шаардлага хангасан бүтээлийг ажлын хэсгийн зүгээс үнэлж шалгаруулна. Шалгаруулалтын дүнг олон нийтэд танилцуулна.
Бүтээлийг уралдааны ерөнхий шаардлагыг хангасан эсэх, салбарын хөгжил дэвшилд шинэ санаа, шийдэл гаргасан, ашигласан, судалсан материал, холбогдох бусад шалгуураар үнэлнэ.
Л.Сайнаа