Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль болон сонсгол харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэгт нийт 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа тоо судалгаа бий. Эдгээр тусгай сургууль, цэцэрлэгийн орчинг жишиг байдлаар тохижуулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан “Дөрвөн бэрх хөгжил сан”-гаас шат дараатай ажлуудыг хийж эхэлжээ.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд уг ажлыг дэмжиж үйлдвэрийн газрын хэмжээнд хандивын аян өрнүүлснээр нийт гурван сая 237мянган төгрөгийн хандив цугларсныг тус үйлдвэрийн газрын Тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьд “Дөрвөн бэрх хөгжил сан”-гийн тэргүүн, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүүд гардуулан өгчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, тэдэнд сурах, зорчих таатай нөхцөл бүрдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой аж.