Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засварын газруудад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэгт Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Газрын алба оролцож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах юм.
Ажлын байртай холбоотой бичиг баримт болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, авто үйлчилгээ-ангилал ерөнхий шаардлага MNS5025:2010 стандартыг ханган ажиллаж байгаа байдал, технологийн горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг баталгаажуулсан эсэх, галын аюулгүй байдал хангагдсан эсэх, барилга байгууламж нь тухайн үйлчилгээ явуулахад зориулагдсан эсэх, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байна уу, хог хаягдлын чиглэлээр болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй эсэхийг шалгаж байгаа аж.
Авто засварын газраас гарч буй аюултай хог хаягдлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хүлээлгэн өгөх, зөвшөөрөлгүйгээр авах зарахыг хориглодог. Үйл ажиллагаанаас гарч буй аюултай хог хаягдалд аккумлятор, тос масло, тэдгээрийн сав, баглаа боодол багтдаг бөгөөд тэдгээрийг хадгалах агуулахтай байх, анхааруулга бичиглэлтэй байх шаардлагатай байдаг байна.