Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан “Олон улсын хөдөлмөрийн статистик болон Монгол Улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн статистикийн аргачлалыг шинэчлэх нь” сэдэвт санал солилцох уулзалт боллоо.
Үндэсний статистикийн хороо болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд, Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу Хөдөлмөрийн статистикчидын олон улсын 19-р бага хурлаар шинэчлэгдсэн “Ажил, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн дутуу ашиглалт”-ын олон улсын статистикийн стандартад нийцүүлэн, “Хөдөлмөрийн статистикийн ойлголт, тодорхойлолт, аргачлал”-ыг шинэчлэн боловсруулж байна.
Уг ажлын хүрээнд аргачлалын төслийг танилцуулах, хамтран хэлэлцэх зорилго бүхий ээлжит уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгууллаа.
Энэхүү аргачлалыг мөрдлөг болгосноор хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг илүү нарийвчилсан мэдээлэл, тэр дундаа хөдөлмөрийн дутуу ашиглалтыг бүрэн харуулах статистик үзүүлэлтийг бий болгон, улмаар бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
Уулзалтад Үндэсний статистикийн хорооны ХАНСГ-ын дарга А.Амарбал, ХНХЯ-ны ХХБХЗГ-ын дарга Б.Алимаа, ХНХЯ-ны БТГ-ын дарга Л.Мөнхзул, ХНХЯ-ны ХЭБХ-ийн дарга С.Дамбий, ХНХЯ-ны харьяа ХНХСИ-ын захирал М.Алтансүх, Үндэсний статистикийн хорооны ахлах статистикч Э.Гантуяа болон бусад холбодох албан хаагчид оролцлоо.
Л.Сайнаа