УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу бол өнөөдөр гурван Байнгын хороо хуралдах ёстой. Гэвч гишүүд Байнгын хорооны хуралдаа ирсэнгүй. 09.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Гэвч тодорхойгүй шалтгаанаар Байнгын хороо хуралдсангүй. Энэ нь МАН-ын бүлэг дотор үүсээд буй үл ойлголцолтой холбоотой бололтой.
Мөн 11.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсохоор төлөвлөөд байсан юм. Гэсэн хэдий ч Байнгын хорооны хурал эхлээгүй, хуралдах эсэх нь тодорхойгүй байна.