Өнгөрөгч өдрийн байдлаар Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 230 дуудлага мэдээлэл хүлээн авсан 149 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдрийн 22.00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын VI баг “Их бүдүүний шил” гэх газарт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашины жолооч О нь Guagun маркийн Ш жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 настай, эрэгтэй Ш-н амь нас хохирсон байна.
Улсын хэмжээнд энэ оны долдугаар сард мотоциклтой зам тээврийн осол, хэргийн улмаас орон нутгийн замд 15 хүний амь нас хохирчээ. Иймд Орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалалтын малгай өмсөж мотоцикл жолоодож байхыг анхааруулж байна.