МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан болон Э.Аззаяа нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 14-ний өдрийг хүртэл хойшилжээ.
Уг нь шүүх хурал наймдугаар сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд товлогдсон ч шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн. Мөн шүүгдэгч С.Бүрэнтөгсийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нь “...Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүлээн авахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /хахууль авах/-ийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ш.Тэгвандан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Элдэв-Очир /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/, шүүгдэгч С.Бүрэнтөгс /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Д.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Хэргийг нэхэн сануулбал, шүүгдэгчид бусдаас их хэмжэний авлига авсан нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон. Мөн авлигын мөнгөө оймсондоо нуусныг баримтжуулсан бичлэгийг олон нийтэд цацаж байсан билээ.
Сэтгэгдэл (4)