Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг баривчлан баривчилсан билээ.
Хууль хяналтынхан хэргийн газраас эд мөрийн баримт болгож 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 100-гаад компьютер, 1000 орчим гар утасны сим, нийт 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн жийп автомашин, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураасан байдаг. Тэд цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграмм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан олон тооны утасны дугаараараа хуурамч хаяг нээсэн байдаг.
Уг хэрэгт тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллан, мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар 15 хятад иргэнийг гэм буруутайд тооцон сэжигтнээр татаад байсан юм. Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны есдүгээр сарын 2-ны өдөр товлон зарлаж, есдүгээр сарын 9-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлээд байсан юм. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчдын гэм буруутай эсэхийг шүүх хуралдааныг есдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт явуулахаар товлолоо.