“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12 дахь өдрөө үргэлжилж, дахин завсарлалаа. Ш.Батхүү нарын хэргийн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийн шат дуусаж шүүх хуралдаан завсарласан юм. Шүүх хуралдаан маргааш 9:30 цагт эхэлнэ.
Хэргийг эргэн сануулбал, "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн хэргээр шүүж байгаа билээ.
Хууль хяналтын байгууллагынхан дээрх хүмүүст холбогдох хэргийг долоон жил шалгахдаа 98 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байдаг. Мөн "Олон Овоот Гоулд" компанийн эзэмшлийн хайгуулын долоон тусгай зөвшөөрлийг төр буцаан авах шийдвэр гаргаад байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд уг хэргийн хохирогч "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын төлөөлөгч, өмгөөлөгчөөр БЭРС ПАРТНEРС хуулийн фирмийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд, А.Энхгэрэл нар ажиллаж байгаа юм байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)