Улаанбаатар хот руу ирэх болон орон нутаг руу гарах иргэдийг өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын нэгнээс 10-ны хооронд зорчих хөдөлгөөнийг зохион байгуулахаар болсон билээ.
Одоогоор 100 мянга орчим иргэн орон нутаг болон нийслэлд шилжилт хөдөлгөөн хийнэ гэсэн судалгаа гараад байгаа. Шилжилт хөдөлгөөн хийх иргэд 11-р сарын 29-нөөс шинжилгээ өгч эхэлсэн бөгөөд өнөөдрөөс хөдөлгөөн хийж эхэлж байгаа юм.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Иргэдийг хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар зорчуулна. Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд замдаа нийтийн хоолны газраар үйлчлүүлнэ гэсэн зүйл байхгүй гэдгийг анхаарч, хүнсээ бэлтгэж гарах хэрэгтэй. Мөн дуртай газраа зогсч бие засахгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулна. Хот хоорондын автобусууд бүгд JPS-тэй байх учир бүгдийг хянах болно. Орон нутагт очиход Онцгой комисс нь хүлээж аваад, 14 хоног өөрийгөө тусгаарлана. Үүний дараа дахин шинжилгээ өгөх юм. Зорчигчдын арван өдөр тээвэрлэнэ.
Тээвэрлэлтийн гэрээгээр иргэд зорчих учир тээврийн хөлсний үнэ нэмэгдэхгүй. Нэгэнт шинжилгээ өгөөд сөрөг гарсан хүмүүсийг тээвэрлэх учир суудлын тоог 70-75 хувьтай суудал дүүргэлттэйгээр зорчуулна" гэдгийг онцолсон билээ.
Харин халдварын голомтоор бүртгэгдээд буй аймгийн иргэд болон оюутнуудыг 12 дугаар сарын 7-ны өдрөөс гаргах юм.
Б.Бат