Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн "Гэрэлтэй цонх" үдшийн хөтөлбөрийн хөтлөгч Б.Төгөлдөр бусдын гарт амиа алджээ гэсэн мэдээ саяхан гарсан гэхэд аль хэдийнээ 2 жил болжээ.
Тэгвэл энэ хэргийг эргэн сануулахад, 2018 оны 11 сарын 30-наас 12 сарын 1нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бид ББСБ-ын оффисын ажилтан н.Батзориг, н.Тод-Эрдэнэ нар нь бүлэглэн Б.Төгөлдөрийн амь насанд хүрсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.11 /бүлэглэж/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллаж 2019 оны 4 сард Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхэд хүргүүлснээс хойш хэргийг шийдвэрлэх явц эрс удааширч шүүх хурал олон дахин хойшлогдсон байдаг.
Ийнхүү 2020 оны 9 сарын 1-нд уг хэргийн анхан шатны шүүх хурал болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн байдаг. Тэгвэл н.Тод-Эрдэнэ, н.Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болохоор товлогджээ.
Б.Баатар